Tuesday, February 6, 2007

Саяхан Улаанбаатарт манай орны эрдэс баялгыг сонирхогч нарын зөвлөлдөх уулзалтыг ҮХЯ-аас зохион байгууллаа.
Энэхүү уулзалтанд дэлхийн уул уурхайн томчууд гэж нэрлэгдэх 5 орны 14 компанийн төлөөлөгчид оролцлоо. Тухайлбал АНУ-ын Peo body, Японы ITOCHU, Mitsu банк, ОХУ-ын Северсталь, Базовой элмент, Реновое, Хятадын Seinhua, Германийн Seimenc зэрэг дэлхийн уул уурхай, санхүүгийн томоохон компанийн төлөөлөгчид оролцлоо.
Харин дэлхийд нэр нөлөө бүхий уул уурхай түүн дотороо коксжсон нүүрсний чиглэлээр тэргүүлдэг Австралийн BHPBilliton Жаргалсайхан сайд өөрт нь таалагдаагүй нэрээр оруулаагүй хөөсөн сурагтай. Ингэж болдог юм болуудаа. Манай талаас ойрын үед ашиглаж болох дараахи төслийг танилцуулав.

Энэхүү уулзалт нь оролцогч нарын хувьд ч танилцуулж байгаа төслийн хувьд ч дэндүү том, миний хувьд бахадмаар байсан ч манай талаас тун хангалтгүй бэлтгэлтэй байсан нь оролцогч нараас гарч байсан асуултаас харагдаж байлаа. Өмнө нь энэхүү төслийн олон удаа дэлхийн янз бүрийн газар эдгээр сонирхогч нарт танилцуулж байсан учраас энэ нь сонин биш байлаа. Харин эдгээр төслийн талаар Монголулсын Засаг төрийн бодлого нь юу вэ гэдэг нь хамгийн чухал байсан боловч манай талаас энэ талаар хэлэх зүйл байсангүй. Учир нь Манай Их хурал, засгийн газар бодлого чиглэлээ гаргаагүй байхад дэлхийн томчуудыг цуглуулсан нь гайхшарал төрүүлж байна. Миний бодоход дэлхийн нэр нөлөө бүхий том компанийхан их зүйл санаж ирээд ганзага хоосон буцлаа. Ер нь манай төр засаг дэндүү замбараагүй, эрх дарх эдэлсэн дарга нар маань болчимгүй зүйлийг дураараа хийдэг болсоны нэг жишээ. Тэгэхдээ энд нэг зүйл надад их тод харагдлаа. Манай ашигт малтмал дэлхийд их хэрэгтэй байна түүнийг дэлхий мэддэг болж, маш их сонирхож дурлаж байгаа нь харагдлаа. Харин бид түүнийгээ хэрхэн ашиглах учраа олохгүй бужигнаж дээр доороо хөлөө хийлцээд байна. Энэ талаар бид санал бодлоо хэлэхийг та бүхнээс уриалж байна.

Monday, January 15, 2007

Паркинсончууд ба Паркинсоны хууль

Дэлхийд хоёр Паркинсон байсан. Нэг нь 18-р зууны эцэст амьдарч байсан тархи мэдрэлийн саа өвчнийг судалсан эмч Жеймис Паркинсон. Нөгөө нь 19-р зууны эхэнд төрж 90 гаруй насалж байгаа удирдлагын ухааны томоохон эрдэмтэн, АНУ-ын Харвард болон бусад олон сургуулийн профессор, менежментийн Ш\У-д Паркинсоны хууль гэдэг нэр томьёог оруулсан Норткорт Паркинсон. Хамгийн гол нь энэ хоёр хүний нэр нь ижил байдгаас гадна хоёулаа эрдэмтэн, судалж нээсэн зүйл нь хүнд тусдаг 2 янзын өвчин юм. Тэгэхдээ энэ 2 өвчинг эмчлэх арга нь мөн төстэй.
Хоёр дахь Паркинсоны өвчин \хууль\ нь дараахь байдлаар тодорхойлогдоно.
- Хөрөнгийг төрөөс дааж байвал төрийн түшмэл ямарч байсан түүнийг бүрэн зарж чадна
- Орлого өсч байвал зардал заавал өсч байдаг
- Төрөөс мөнгө авагчид байнга хэцүүдэж дутагдаж, дээрээс хөрөнгө мөнгө нэхэж байдаг
- Төрийн түшмэдүүд нөгөө түшмэдийнхээ ажлыг бий болгодог
- Албан тушаалтан өрсөлдөгчөө биш захирагдагч нараа олшруулах сонирхолтой

Эмч Паркинсоны өвчин нь хүний өөрийнх нь өвчин, түүнийг төрийн төсвөөс хөрөнгө гаргаж эмчилдэг бол эрдэмтэн Паркинсоны өвчин нь албан тушаалын өвчин төрийн төсвийг багасгах замаар эмчилдэг.
Манай орны хувьд энэ 2 өвчиний эхнийх нь ямар байгааг би мэдэхгүй. Харин хоёр дахь нь өнөөгийн монгол орны төрийн бүх байгуулагад бүр архаг хэлбэрээр орших болсноор барахгүй түүнийг эмчлэх арга болсон төсвийг багасгах биш улам ихэсгэж түүнийгээ хуваа ж идэхийн төлөө төрийн түшмэдүүд ухаангүй тэмцэлдэх болсон нь өнөөгийн бидэнд учирч байгаа гай зовлон юм. Цаашдаа энэ өвчнөөс яаж салах, яаж багасгах талаар татвар төлөгч хүн болгон бодох хэрэгтэй байна.

Sunday, January 14, 2007

Блог нээв

Блог гээч энэ "хувьсгал" дэлхийн соёлыг өөрчлөх хүчтэй бололтой. Бидний үеийнхэн ч бас цаг үеэсээ хоцролгүй шинэ соёлд суралцах нь зүйтэй гэж бодоод өнөөдөр блогтой боллоо. Блог дээрээ өөрийн судалж, суралцаж буй зүйлийнхээ тухай голлон бичих санаатай. Бас оюутнуудтайгаа үүсгэх харилцааны хэрэгсэл болгон ашиглах бодолтой байна.